okla

2009-02-08 - Хорин нэгэн Дарь-Эхийн ачлал

 

 

Хорин нэгэн Дарь-Эхийн ачлал

Хорол эрдэнийн шүншигт

Хорин нэгэн Дарь-Эх минь

Хорлол дэвийг ариусгагч

Хорин нэгэн бурхан минь

Шид увидаст тань биширч

Шившлэг тарнийг тань хэлье

Ум дари ду дари дүри сухай

Эрмэш сэтгэлийг номхотгох
Эвдэрсэн бүхнийг эвлүүлэх
Төөрөг заяаг тэгшитгэх
Төрийн жаягийг төвшитгөх
Эрхэнд хураагч Дарь-Эхийн
Эрдэм чадалд сөхрөн мөргөе

Ум дари ду дари дүри сухай


Зургаан сүв, таван цулд
Зовлон хурж, өвчин адлах
Шаналлын түмэн барцдыг
Шидэт тарниар илааршуулагч
Ад омруулагч Дарь-Эхийн
Агуу хүчинд бишрэн мөргөе
 
Ум дари ду дари дүри сухай

Төрсөн биенд буян хурж
Түмний үйлсэд гачаал багасч
Буурал хорвоон бумба бялхаж
Буцлах оргилох номдол сарних
Төгс эдлэлийг дэлгэрүүлэгч
Төгөлдөр Дарь-Эхэд мөргөе

Ум дари ду дари дүри сухай
Дотор сэтгэл ариусч
Дорой үзэл үгүйсч
Удаан жаргах мөр цохих
Удам сайжрах үйл бүтэх
Нас арвитгагч Дарь-Эхэд
Наминчлан байж мөргөе

Ум дари ду дари дүри сухай

Арга билгийн алаг мэлмий
Аз тавилант үнэнч хайр
Агуу сайхны эрхэм чанар
Асар тэнгэрийн алтан заадас
Сэтгэл булаагч Дарь-Эх таны
Сэвгүй лагшинд сөгдөн мөргөе

Ум дари ду дари дүри сухай

Есөн гариг эргэн гийх
Ер бусаар элбэн таалах
Ёрын муу илчинд эгдүүцэх
Ертөнцийн одны гүйдэлд суух
Буд нар, сарыг согтуулагч
Бумба Дарь-Эхэд сөгдөн мөргөе

Ум дари ду дари дүри сухай

Муу зүгийн лай татах
Мулгуу бодлын гай хурах
Санаанд оромгүй зан гаргах
Салга заяаны бузар үүрлэх
Хорлол зүхлийг далдлан дарагч
Ховс шидэт Дарь-Эхэд мөргөе

Ум дари ду дари дүри сухай

Нөхрийн итгэлийг уланд гишгэх
Нарийн нууцыг уудлан шинших
Нар сарыг хэтрүүлэн сэвтээх
Найман зүгтэй гасланг таригч
Шимнус дайсныг даран сөнөөгч
Шагжмун Дарь-Эхэд даатган мөргөе

Ум дари ду дари дүри сухай


Гал усны аюулт гаслан
Ган зудны амаргүй зовлон
Өр зүрх шархлаан тамлах
Өвчин эмгэг зайлуулж өгөх
Аюулаас аврагч Дарь-Эх таны
Алтан мутраас адис авч мөргөе

Ум дари ду дари дүри сухай


Муу зүгийн аливаа тотгор
Мунхаг зангийн албин гачаал
Хүмүүн заяаг хорлон тэрслэгч
Хүсэл хяслын нягуурт баярлагч
Чөтгөр эрхэнд оруулан хураагч
Чадамж ихт Дарь-Эхэд мөргөе

Ум дари ду дари дүри сухай

Өдөр бүр амны хишиг дэлгэрч
Өглөгийн цагаан буян хураах
Үлэмж тансаг орчлонг амраах
Үйлийн сайн үйлс үерлүүлэх
Үгээгүй хоосныг үтэр арилгагч
Үнээн бишрэлт Дарь-Эхэд мөргөе

Ум дари ду дари дүри сухай


Дээд тэнгэрт залрагч
Хүмүүн заяаг тэгшлэх
Дээвэр цагаан гэрийн
Хүйс голомтыг асаалцах
Өлзийн хутгийг бадруулагч
Өр зөөлөн Дарь-Эхэд мөргөе

Ум дари ду дари дүри сухай


Туурга тусгаар орны
Туг сүлдийг бадрааж
Аюул гасланг зайлуулан
Аливаа сайныг дээдлэгч
Сахин хамгаалагч Дарь-Эхийн
Сан сэржмийн хүчинд мөргөе

Ум дари ду дари дүри сухай


Сав шим ертөнцийн
Саад буртгийг арилгах
Сайн үйлст торох лайг
Самбай болтол сэмлэх
Тотгор дарагч Дарь-Эхийн
Төгс эрдэмд шүтэн мөргөе

Ум дари ду дари дүри сухай

Алтан амь таслах
Адгуус мэт хурьцах
Худал хэлж хуурах
Хулгай хийж шулах
Хилэнц омруулагч Дарь-Эхийн
Хэмгүй сүрт ид шидэд мөргөе

Ум дари ду дари дүри сухай


Залбирал үйлдэн сэтгэл төвлөрч
Замбуулин хорвоон гасланг хөөх
Зургаадай таягаа тулан зүтгэх
Зуун живаагаар маань шивших
Билэг хийгээд тарни арвитгагч
Билгүүн номт Дарь-Эхэд мөргөе

Ум дари ду дари дүри сухай

Үзэл зөрж зэвсэг барих
Үтэр түргэн олзод шунах
Илүү харж нуувар авах
Итгэл алдаж нууц дэлгэх
Дайсан хийгээд хулгай дарагч
Дарь-Эх таны увидаст мөргөе

Ум дари ду дари дүри сухай


Уул усаа үл баясгах
Ураг төрлөө үл хайрлах
Ургаа бүхнээ үтэр устгах
Улигт муу зуршлаар сажих
Лус савдгийн хорыг арилгагч
Лусын дагина Дарь-Эхэд мөргөе

Ум дари ду дари дүри сухай


Үг сөргөлдөн нүд босох
Үйлэнд хардан муу санах
Сэтгэл ёрлож нойр хулжих
Сэв суулгаж зүрх цанхаах
Муу зүүд, хэрүүлийг арилгагч
Мутар ариун Дарь-Эхэд мөргөе

Ум дари ду дари дүри сухай


Халуун шатаж дотор хорсох
Хамаг биенд өвчин хурах
Бузар бүхнээ гулгин гаргах
Булуу шархирч шаналж зовох
Хижиг өвчний хорыг дарагч
Хэл цагаан Дарь-Эхэд мөргөе

Ум дари ду дари дүри сухай


Хотол олон сэтгэл тэнэгэр
Хорлол барчид амар тайван
Дэлхийн энгээр дээвэр бүтэн
Дээд тэнгэрээр мичид алтан
Аливаа үйлс бүхнийг бүтээгч
Ариун дагшин Дарь-Эхэд мөргөе

Ум дари ду дари дүри сухай

 
Эндээс татаад аваарай
 
  http://share.gogo.mn/40440711234137268
Сэтгэгдэл бичих!

2016-04-04 -

Бичсэн: Доржпүрэв Бүдрагчаа (зочин)
21 дарь эх минь миний юу сансан есөн цагаан хүслийг минь биелүүлж хайрлаач
Хоблоос Засах

2016-04-04 -

Бичсэн: Зочин
САЙН ҮЙЛС БҮХЭН ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ УМ САЙН АМГАЛАН БОЛТУГАЙ
Хоблоос Засах

<- Ємнєх хуудас :: Дараагийн хуудас ->

Миний тухай

Найзууд




:-)
 
xaax